Цөлжилтийг сааруулахад малчдын нөхөрлөл чухал үүрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-06-14 15:01:57

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр маргааш буюу зургаадугаар сарын 15-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан аймаг, орон нутагт малчид болон нутгийн иргэд байгаль хамгаалах нөхөрлөл байгуулан ажиллаж буй мэдээллийг хүргэж байна.


Манай улсад 2012 онд баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлэгт “...байгалийн нөөцийн хамтын менежмент” гэсэн ойлголт бүхий заалтыг тусгасан юм. Энэ нь нутгийн иргэдийг байгаль хамгаалах нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, амьдарч буй газар нутгийг хариуцан хамгаалах талаар заасан юм. Тодруулбал, энэ нь тухайн газар нутгийг буюу бэлчээрийг малчид, нутгийн иргэдэд гэрээгээр эзэмшүүлж, тэр газар нутаг дахь байгалийн нөөцийг өөрсдөөр нь  ашиглуулах юм.


Энэ нь нэг талаар хуульд заасан ашиглагч нь хамгаалагч байна гэсэн эрх зүйг хэрэгжүүлж, улмаар малчдад бэлчээр, газар нутгаа хамгаалах зан төлөвийг суулгаж сургах юм. Өөрөөр хэлбэл, мянган малын даацтай бэлчээр бүхий газарт малчид мянган малаа бэлчээх үү, эсвэл хоёр мянгыг байлгах уу гэдгийг өөрсдөө зохицуулаад явна гэсэн үг.

Ийм зорилгоор цөлжилтийг саармагжуулах, зогсоох, болж өгвөл байгалийн зарим төрлийн нөөцийг буцааж сэргээх зорилготой, 10 жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулаад буйг БОАЖЯ-наас мэдээлж байна.

Цөлжилтийг бууруулж саармагжуулахад малчдын нөхөрлөлөөс гадна хэвлэл мэдээлэл мөн чухал үүрэгтэй. Энэ талаар  Хэнтийн аймгийн "Хэнтийн мэдээ сонины сэтгүүлч Ц.Чойжамцтай уулзаж тодруулсан юм. 




-Цөлжилттэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн үүрэг, хувь нэмэр юунд чиглэж байна вэ?

-Малчид, нутгийн иргэд хамтын нөхөрлөл байгуулан байгалиа хамгаалж, цөлжилтөөс сэргийлэх ажлыг хийж эхэлж байна. Гэвч энд нэг сумын нэг нөхөрлөл бүх зүйлд хүрч амжихгүй, хүч хүрэхгүй байгаа. Тиймээс энд нөхөрлөлүүд үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ)-ийг ашиглах буюу хэвлэл мэдээлэл, сэтгүүчдээр дамжуулан мэдээ, мэдээллээ солилцох хэрэгтэй болсон.


ХМХ ч шууд болон шууд бус байдлаар олон түмнийг соён гэгээрүүлэх, байгаль орчноо хамгаалахад нийтлэл, нэвтрүүлгээрээ оролцож мэдээ, мэдээлэл түгээх үүрэг хүлээж байгаа. Энэ зорилгоор манай “Хэнтийн мэдээ” сонин ажиллаж байна. Цөлжилттэй тэмцэх, байгаль хамгааллын сэдвийг дагнан бичих сэтгүүлч сурвалжлагчийг тусад нь томилж, сонины дугаар бүрд нүүр булан нээн, аймгийнхаа бүх суманд мэдээ, мэдээллээ хүргэхээр ажиллаж байна.


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдрал ахуйд ноцтой нөлөөлсөөр байна. Монгол Улсын нийт газар нутгийн 76.7 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Харин нийт газар нутгийн 12 хувийг ойн сангийн талбай эзэлдэг бол ойгоор бүрхэгдсэн талбай нь 7.9 хувийг эзэлж байна.



-Цөлжилтөөр нэг сэтгүүлч дангаараа ажиллаж байна уу, эсвэл редакцаараа баг гаргаж байна уу? Цөлжилттэй тэмцэхэд ямар бэрхшээл гарч байна? Унаа, замын зардлыг яаж зохицуулж байна?

-Одоогоор би дангаараа ажиллаж байгаа. Цаашид багаар ажиллахаар төлөвлөж байгаа. Сонины редакц биднийг сайн дэмжиж байгаа. Бэрхшээлийн хувьд одоогоор зардал, унаа цаанаасаа байгаль хамгаалах хөтөлбөрийн дагуу зохицуулж байна. Мөн олон улсын байгаль хамгааллын “Дэ Нэйче консерванс” (TNC) байгууллага дэд бүтэц, төслөөрөө дамжуулан үйл ажиллагааны зардлыг гарган тусалж байгаа. Ер нь, байгаль орчноо хамгаална гэдэг зөвхөн сэтгүүлч биднээс гадна иргэн бүрийн зүрх сэтгэлийн ажил юм.




TNC байгууллага Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Дорнод гэсэн таван аймгийн 28 суманд 300 орчим, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулахад чиглүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Үүгээр дамжуулан нутгийн иргэд, малчдад нөхөрлөлөө хөгжүүлэн бие даан байгалиа хамгаалах, цаашид хэний ч оролцоогүйгээр ажиллаад явах нөхцөл боломжийг тавьж өгч байгаа юм.

-Та байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрт орон нутгаас хамрагдаж шалгарсан. Цөлжилттэй тэмцэх ямар ажлыг явуулж байна вэ?

-Би өмнө нь бичиж байсан 3-4 нийтлэлээ явуулсан юм. Нэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хамаарах нийтлэл сурвалжилга байсан. Хоёр нь байгаль орчин, нийтийн эрх ашгийг хамгаалах тухай нийтлэлүүд байсан. Цөлжилтийн тухайд манай байгууллага нутгийн иргэдийн дунд байгуулсан нөхөрлөлтэй хамтарч, цөлжилтөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм гэв. 

関連ニュース