Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахаар төлөвлөснөө Их Британийн хааны гэр бүл танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 24 /AFP/. Олон зуун жилийн түүхтэй Виндзорын шилтгээнд дулааны насос суурилуулах зэргээр нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөж байгаагаа Их Британийн хааны гэр бүл лхагва гарагт танилцуулжээ.
Байгаль орчинд
ээлтэй бусад санаачилгын хүрээнд хааны гэр бүлийн тансаг зэрэглэлийн автомашинуудыг,
тэдгээрийн дотор “Bentley State Limousine” автомашинуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгохоор төлөвлөсөн байна.
Бүхий л амьдралынхаа туршид хүрээлэн буй орчныг хамгаалсаар ирсэн хаан III Чарльз англи цагаан дарсны илүүдэл, бяслагны шар сүүгээр үйлдвэрлэсэн био түлшээр түлшийг нь сольсон 1970 оны “Aston Martin DB6” маркийн автомашиныг эзэмшдэг ажээ. Энэхүү спорт загварыг автомашиныг талийгаач хатан хаан II Елизабет 21 насны төрсөн өдрөөр нь хүүдээ бэлэглэж байв.
Нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх төлөвлөгөөний хүрээнд нисдэг тэрэг, нисэх онгоцны түлшийг байгальд ээлтэй түлшээр солих ажээ. Мөн Букингемийн ордон зэрэг Лондоны төвд байрлах хааны үл хөдлөх хөрөнгүүдийг дулааны шугам сүлжээнд холбоно. Эдгээр төсөл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдгийг тайланд дурджээ. Түүнчлэн нарны гэрлийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг нарны хавтангуудын эхнийхийг нь Чарльзын гол өргөөнүүдийн нэг болох 900 жилийн түүхтэй Виндзорын шилтгээнд суурилуулсан байна.