Грекийн ойн түймрийг унтраахад Европын гал сөнөөгчид тусална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АФИН, 2024 оны
наймдугаар сарын 13 /France24/. Грекийн гал сөнөөгчид Афин хотоос холгүй асаж буй ойн түймэртэй
гурав дахь өдрөө тэмцэж буй энэ үед Европын олон зуун гал
сөнөөгч нийслэл хотын захын дүүргүүдийг хамраад буй түймрийг
унтраахад гар бие оролцохоор болжээ.
Нийслэлийн эргэн тойронд амьдардаг олон мянган хүнийг гэр орноо орхин
дүрвэхэд хүргээд
буй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг
хүн амиа алдаж, 66 хүн гэмтэж бэртжээ. Үүнээс гадна хоёр гал сөнөөгч
бэртсэн байна. Мягмар гарагт Афинд 38 хэм хүртэл халж,
салхины хурд 39 км/цаг хүрч ширүүснэ гэж Үндэсний ажиглалтын төвөөс мэдээлжээ.
Афин хотоос зүүн хойд зүгт 35
км-ийн зайд орших Варнавас сууринд дэгдэж буй түймрийг
унтраахад өнөөдөр 700 орчим гал сөнөөгч, 200 гал унтраах
машин, есөн нисэх онгоцыг дайчилжээ. Хүчтэй салхины нөлөөгөөр зарим газарт галын дөл 25 м-ийн
өндөрт дүрэлзэж байгаа
тухай ERT телевиз мэдээлсэн байна.
Үндэсний ажиглалтын төвөөс даваа гарагт мэдэгдсэнээр, ойн түймэрт 10 мянга орчим га талбай сүйджээ. Грекийн Засгийн газрын зүгээс олон улсын
тусламж хүссэний дараа Франц, Итали, Чех, Румын, Серби, Турк зэрэг улсаас гал
сөнөөгч, нисдэг тэрэг, галын машинуудыг илгээх төлөвтэй
байна гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Мягмар гарагт Афины шатсан
үйлдвэрээс нэгэн
эмэгтэй хүний цогцос олдсон нь ой хээрийн
түймрийн улмаас амиа алдсан анхны тохиолдол болжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн ням гаргаас хойш түймэрт өртөн түлэгдэж бэртсэн 66 хүн эмнэлгийн байгууллагуудад хандсан байна.