Номхон далайн усны түвшин хурдацтай нэмэгдэж байгааг НҮБ-ын тэргүүн анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-08-27 14:19:48

НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 27 /DW/. Номхон далайн арлуудын далайн температур дэлхийн дунджаас гурав дахин илүү хурдтайгаар нэмэгдэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөө өглөө мэдэгджээ. Температур өссөнөөр усны эзэлхүүн тэлж, далайн усны түвшин нэмэгдэхэд нөлөөлдөг.


А.Гутерриш Номхон далайн арлын орнуудын форумд оролцох үеэрээ хэлэхдээ, далайн түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан “Далай тэнгисээ аваръя” хэмээх олон улсын түгшүүрийн дохиог зарлахаар миний бие Тонгад ирээд байна гэжээ. Мөн Номхон далайн арлууд далайн түвшин нэмэгдсэнээс үүдэлтэй нөлөөнд “онцгой ихээр өртөж” байгааг онцолсон байна.


Дэлхийн далайн усны дундаж түвшин өнгөрсөн 3000 жилд бүртгэгдэж байгаагүйгээр хурдацтай нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж далай тэнгис хальж байна гэж А.Гутерриш X хуудсандаа бичжээ. Тэрбээр Номхон далайн баруун өмнөд хэсэг далайн түвшин нэмэгдсэнээс үүдэн хамгийн их хохирол амссан тухай тайлангийн дүгнэлтийг эш татан ярьжээ.


Түүний хэлснээр, Номхон далайн арлууд далайн түвшнээс 1-2 метрийн өндөрт оршдог тул онцгой эмзэг байдаг бөгөөд дэд бүтцийн тэн хагас нь далайгаас 500 метрийн зайд байрладаг ажээ.


НҮБ-ын цаг уурын ажиглалтын байгууллагын тайланд дурдсанаар, сүүлийн 30 жилийн хугацаанд Номхон далайн зарим хэсэгт далайн түвшин 15 см-ээр дээшилжээ. Харин дэлхийн дундаж 9.4 см байв.


“Үүний шалтгаан тодорхой байна, олборлодог түлшийг шатаахад бий болсон хүлэмжийн хий манай гаргийн температурыг нэмэгдүүлж байна. Харин далай энэ дулааныг тэр чигээр нь авч байна. Далайн түвшин дээшлэх нь далайн шуурга, эрэг орчмын үерийн давтамж, аюулыг нэмэгдүүлж байна. Ийм үер нь далайн эргийн ойролцоо оршин суудаг ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, загас агнуур, тариалангийн талбайг сүйтгэж, цэвэр усыг бохирдуулж байна. Энэ бүхэн Номхон далайн арлын орнуудыг ноцтой аюулд оруулж байна гэж тэрбээр хэлжээ.


Номхон далайн арлын орнуудын форумын 18 гишүүн орны төлөөлөгчид Тонгад долоо хоногийн турш хуралдаж, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцжээ. Номхон далайн арлын орнуудын форумын бүрэлдэхүүнд Австрали, Күүкийн арлууд, Микронезийн Холбооны Улс, Фижи, Францын Полинез, Кирибати, Науру, Шинэ Каледон, Шинэ Зеланд, Ниуэ, Палау, Папуа Шинэ Гвиней, Маршалын арлууд, Самоа, Соломоны арлууд, Тонга, Тувалу, Вануату багтдаг. Австрали улс бол дэлхийн нүүрсний хамгийн том экспортлогчдын нэг юм. А.Гутерриш хэлэхдээ, олборлодог түлшний хэрэглээг үе шаттайгаар зогсоох ёстой гэсэн байна. Түүнээс Австралийн талаар асуухад, янз бүрийн улс орнуудын нөхцөл байдал өөр өөр байна гэж хариулжээ.

 


関連ニュース