Ургац хураалт шувтарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймаг энэ жил ургац арвин хурааж аваад байна. Тухайлбал, хүнсний ногоо 264 га-гаас 3400 тн-ыг, төмс 245 га-гаас 3217 тн-ыг, тэжээлийн ургамал 1893 га-гаас 7143 тн-ыг, үр тариа 4700 га-гаас 6373 тн-ыг тус тус хураан аваад байна.
Газар тариалангийн бүс нутагт энэ жил хур тунадас ахиу орсонтой холбоотой өнгөрсөн жилээсээ илүү ургац хурааж авсан гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Харин тариаланчид ургацынхаа үр шимийг хүртэх нь удаашралтай байна.
Одоогоор Баруунтуруун суманд бага хэмжээний талбайгаас үр тариа хурааж аваагүй байна. Учир нь тус суманд цас орсон аж. Гэхдээ тариа дарагдаагүй өнөө маргаашдаа хураагаад авчихна хэмээн мэргэжилтнүүд ярилаа.
Жимс жимсгэний хувьд үхрийн нүд 128 тн, чацаргана 500 тн-ыг хураан авчээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад төмс 33,1, хүнсний ногоо 51,8, тэжээлийн ургамал 315,5 га-гаар өсчээ. Газар тариалангийн гол бүс нутаг болох Баруунтуруун суманд 4017 га, Тариалан суманд 901,3 га-д үр тариа тариалсан нь аймгийн хэмжээнд тариалсан талбайн 94,7 хувийг эзэлж байна. Харин Баруунтуруун, Тариалан, Улаангом сумдад 203,9 га-д төмс, 234,4 га-д хүнсний ногоо тариалсан нь тариалалтын 84 хувийг эзэлжээ. Баруунтуруун суманд 80 га-д тосны ургамал тариалсан байна.
Увс аймаг Б.Батхүү