Монголд эмчлэх боломжгүй өвчнүүдийг эмчлэх 14 багийг дараа жил гадаадад сургана

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-10-05 11:47:04

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын 2 дугаар төв эмнэлэгт өнөөдөр ажиллалаа. 


Манай улсад тулгамдаад байгаа хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогыг хоёрдугаар эмнэлгээс эхлүүлж өнгөрсөн сараас хавдрын 8 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ тус эмнэлэгт үзүүлэх болсон юм. ХСҮТ дугаарлал их байх юм бол энэ эмнэлэгт иргэд үзүүлж болохоор болсон тул салбарын сайд газар дээр нь танилцаж байгаа ажээ.


Түүнчлэн “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г эх орондоо нутагшуулахаар Хоёрдугаар эмнэлгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Шанхай хотын эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх гэж байгаа ажээ. 


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас дараах зүйлсийг тодруулсан юм.

-Монголд эмчлэх боломжгүй гэгдэж буй өвчнүүдийг анагаахад ямар ямар амжилт гарч байна вэ?

-Эхний ээлжид цаасан дээр буусан 26 өвчнөөс эх орондоо эмчилдэг болох ажлыг эхлүүлээд явж байна. Манайд эмчлэгддэггүй өвчний жагсаалтад байгаа гурван өвчнийг эмчлэх 3 багийг гадаадад бэлтгэхээр сургалтад явуулаад байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс явсан. Хоёрдугаар эмнэлгээс одоо явах гэж байна. Дараагийн ээлжинд Гэмтлийн эмнэлгээс явна. Хаана ямар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаагаас хамаарч нэг эмнэлгээс хэд хэдэн баг явах боломжтойгоор зохицуулалт хийж байгаа 


-Багуудыг ямар хэлбэрээр сонгож байгаа вэ?

-Жагсаалтад байгаа өвчнөөс “Манай баг яг энэ өвчнийг, ийм хугацаанд ийм улсад сургалцаад эмчилдэг болно” гэсэн хүсэлтийг эмч мэргэжилтнүүдийн баг гаргасан нөхцөлд бид хүлээж авна. Тэдний эмчлэх төлөвлөгөөг үзнэ. Мөн эмчлэх нөхцөл, тоног төхөөрөмж хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг судалж үзээд шалгаруулдаг. Энэ онд багтаж ийм чиглэлээр 12 багийг гадаадад сургаж бэлтгэхээр сонгочихсон байгаа. Дараа жил 14 баг гадаадад сургаж бэлтгэхээр төлөвлөсөн. Харин ийм багийг эх орондоо буцаж ирэхэд тоног төхөөрөмж, ажиллах нөхцөлийг бид хангах үүрэгтэй. Бид зочин профессоруудтайгаа нийлж тухайн өвчнүүдийг 2026 он гэхэд эх орондоо эмчилдэг болно.


-Тантай сая гэрээ хийж байгаа багийн хувьд БНХАУ-ын Шанхай хотод сургалтад хамрагдах юм байна. Эмч нарын суралцах эмнэлгийг хэрхэн сонгосон бэ?

-Шанхай хотын ”Ида” эмнэлэг дээр очиж сургалтад хамрагдана. Зүрх судасны системийн тусламж үйлчилгээний чиглэлээр, ялангуяа судсанд доторх тусламж үйлчилгээгээр дэлхий дээр нэлээд өндөр үнэлэгддэг эмнэлэг юм.


Манай 3 эмч, 1 сувилагч, 1 техникч тэнд сургалтад хамрагдаж, титэм судсан дахь өөрчлөлтийг хэт авиа оношилгоогоор хэрхэн яаж эмч оношлох арга барилыг сурч ирнэ. Техникч нь тухайн тоног төхөөрөмжийг хэрхэн яаж ашиглах ёстойг, сувилагч нь эмчдээ ямар тусламж дэмжлэг хэзээ яаж үзүүлэх вэ гэдгийг сурч ирнэ. Багийнхны тэнд очоод сурч мэдэж ирэх зүйлс нь мэргэжилтэн тус бүр дээр тодорхой байгаа. Тэр бүхнийг багийн гишүүд сурч мэдэж ирээгүй нөхцөлд хариуцлагыг эмнэлэгтэй ярина гэдэг хариуцлагын гэрээтэй явах юм.


関連ニュース