ХОВД: Аймгийн түүхэн дурсгалт 421 газарт 20 мянга орчим хадны зураг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-29 16:07:31

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/.  Хадны зураг бол эртний хүмүүсийн үлдээсэн хосгүй дурсгалын нэг юм. 

Хадны зураг нь эртний хүмүүсийн бичиг үсэг, дүрслэх урлаг, соёлын анхны хэлбэр. Ертөнцийг үзэх үзэл, харилцааны арга хэрэгсэл байсан гэж эрдэмтэн, судлаачид тайлбарласан байдаг.  


Онцлоход, Ховд аймгийн түүхэн дурсгалт 421 газарт 20 мянга орчим хадны зураг бүртгэгдсэн гэж Музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн хэллээ. 

 

Тус аймгийн нутаг дэвсгэрт Ямаан ус, Бичигт, Мааньт, Тэлэнгэд, Хөх голын хадны зураг зэрэг олон өвөрмөц дүрслэлтэй зураглал бий.    


Тухайлбал, ямаан усны хадны зураг нэлээд сонирхолтой.


Ховд аймгийн Алтай, Үенч сумын нутгийн заагт орших Заагт уул, Алаг тэхт уулын хоорондох өндөр цавчим хадан хясаагаар заагласан хавцлыг Ямаан усны хавцал хэмээдэг.


Энд 10 орчим метр өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүнзгий хонхойлгон сийлсэн байна.


Үүнээс дайн тулааныг дүрслэн үзүүлсэн зураг, дөрвөн морь хөллөсөн найман хигээс бүхий дугуйтай сүйх тэргэн дотор сууж яваа хүн, тэрэгний өмнө, хойно тус бүр морь унасан хүн тэргийг хамгаалан явж байгаа зураг, мөн 29 үсэг бүхий түрэг бичээсүүд ихээхэн сонирхол татна.


Гурвалсан морь хөллөсөн сүйх тэрэг дүрсэлж, сүйх тэрэгний өмнө талд нум саадаг агссан морьтой хүн, ар талд нь дагаж яваа морьтой хүн зэргийг урлажээ.


Өгүүлэн буй зурагт сүйх тэрэгтэй нэгэн язгууртан заларч буйг маш тодорхой харуулсан байдаг. Энэ зураг нь чадварлаг уран дүрслэлтэйгээс гадна сүйх тэрэгний нум, арал, бүхээг, бүхээгний чимэглэл, гурвалсан морины зугуухан хатиралт зэргийг тов тодорхой харуулжээ. Судлаачид уг зургийг Хүннүгийн үед хамааруулан үздэг.  



関連ニュース