Үндэсний эрчим хүчний зөвлөл байгуулснаа Д.Трамп мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх бодлогыг зохицуулахын тулд Үндэсний эрчим хүчний зөвлөл байгуулж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ.
Тус зөвлөлийн даргаар Дотоод хэргийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлээд байгаа Хойд Дакота муж улсын захирагч Даг Бергамыг томилохоор төлөвлөсөн байна.
Үндэсний эрчим хүчний зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвшөөрөл олгох, бүх төрлийн эрчим хүчийг зохицуулахад оролцдог удирдах газрууд, агентлагуудын төлөөллүүд багтана.
“Энэхүү зөвлөл нь хүнд суртлыг арилгаж, эдийн засгийн бүх салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүнчлэн олон жил хэрэгжиж байгаа огт шаардлагагүй дүрэм журмаас илүүтэй инновацыг чухалчилж, эрчим хүчний салбарт АНУ манлайлахад анхаарлаа төвлөрүүлнэ” гэж Д.Трамп мэдэгджээ.
Д.Трамп Д.Бергамыг Дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэнээс нэг өдрийн дараа дээрх мэдээ нийтлэгдсэн байна. Д.Бергам Үндэсний эрчим хүчний зөвлөлийн даргын албыг хашихын зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллах юм.
Түүний захирдаг Хойд Дакота муж улс бол түүхий газрын тосны олборлолтоор Техас, Нью-Мексико муж улсуудын дараа улсдаа гуравдугаарт ордог ба цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрс, салхины эрчим хүчнээс ихээхэн хамааралтай.
Д.Трамп мэдэгдэхдээ, хиймэл оюуны хөгжлөөс үүдэлтэй цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд эрчим хүчний үйлдвэрлэл, тэр дундаа суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, жирийн хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг бууруулна гэсэн юм. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бодлого нь улсын төсвийн алдагдлыг бууруулж, ажлын байрыг бий болгохын зэрэгцээ байгалийг онгон төрхөөр нь хамгаалан үлдээх болно гэж тэрбээр онцолжээ.
Д.Бергам “манай улсын байгалийн баялгийг хамгаалж, газрын тос, байгалийн хийн олборлолтын салбар дахь асар их давуу талыг дахин сэргээж, Америк орныг, түүний эрчим хүчний салбарыг дахин агуу болгоно" гэж Д.Трамп мөн мэдэгдсэн байна.