ХОВД: Ирэх дөрвөн жилд “Хөгжилд хамтдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.
Тэрбээр “сумын Засаг даргын хувьд орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх бодлого баримталж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг бүхий л салбарын төлөөллийн оролцоо, манлайлал, иргэдийнхээ санал хүсэлтийг чухалчилж ажиллана. Орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, тулгарч буй сорилтуудыг хамтын хүчээр илүү хурдан даван туулах зорилгоор сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “Хөгжилд хамтдаа” хэмээн тодорхойлсон” гэдгийг онцоллоо.
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт:
-Тэнцвэртэй хот
-Хоггүй хот
-Ногоон хот
-Тунгалаг буянт
-Хүний хөгжлийн бодлого
-Үйлдвэржилт
-Засаглал гэсэн долоон үндсэн бодлогыг тодорхойлж, 32 зорилт бүхий 195 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна иргэд, олон нийтийн оролцоотойгоор
-Ховд хот буюу Жаргалант сумыг улсын зэрэглэлтэй хот болгох
-Жаргалант сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өргөтгөх
-“Хотын шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх
-Ховд хотын шинэ дэд төвүүдийг байгуулах зэргээр инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх хэсэгчилсэн төлөвлөгөөтэй болох
-Хог хаягдлын менежментийг сайжруулж, Хог боловсруулах үйлдвэртэй болох чиглэлээр таван онцлох ажил хэрэгжүүлэхээр зорьж буй.
Дээрх хөтөлбөртэй холбогдуулан сумын ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, саналаа тусган баталлаа.
