Онгоцны хар хайрцганд сүүлийн 4 минутын мэдээлэл бичигдээгүй байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 12 /Yonhap/. БНСУ-д өнгөрсөн 12 дугаар сард осолдсон “Jeju Air” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгуудад осол болохоос өмнөх дөрвөн минутын мэдээлэл байхгүй байсан тухай мөрдөгчид бямба гарагт мэдээлжээ.
Тодруулбал, “B737-800” онгоцны нислэгийн мэдээлэл бүртгэгч болон
бүхээгийн дуу хураагчид хийсэн АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн дүн шинжилгээгээр
хоёр төхөөрөмжийн бичлэг онгоц хашлага мөргөхөөс дөрвөн минутын өмнө зогссон
болохыг харуулсан байна.
“Jeju Air” компанийн нисэх онгоц 12 дугаар сарын 29-ний
өглөөний 9:03 цагт Муан хотын
олон улсын нисэх буудалд осолдсон юм. Хар хайрцгууд 8:59 цагаас эхлэн мэдээлэл
бичихээ больсон нь осол гарах үед үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд
хүндрэл учруулах төлөвтэй байна.
“Хар хайрцгуудын өгөгдөл нь мөрдөн шалгах ажиллагаанд
чухал ач холбогдолтой боловч нотлох баримтын цорын ганц эх сурвалж биш, мөрдлөгийн
үеэр агаарын хөдөлгөөний удирдлагын бүртгэл, ослын үеийн дүрс бичлэг, онгоцны үлдэгдэл
зэрэг янз бүрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх шаардлагатай” гэж хууль
сахиулагчид мэдээлжээ.
Өгөгдлийн найдвартай байдлыг хангах үүднээс хар хайрцгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг өнгөрсөн долоо хоногт Вашингтон хот дахь Тээврийн аюулгүй
байдлын зөвлөл рүү илгээсэн юм. АНУ-ыг зорьсон Өмнөд Солонгосын мөрдөгчид ирэх даваа
гарагт эх орондоо эргэн ирж, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлнэ.