Хүүхдүүдийн гар утасны хэрэглээний талаар судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙХүүхдийн төлөвшилд гар утас хэрхэн хор учруулж байгаа, түүнийг яаж зохистой хэрэглэх талаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын багш Машбатын Болорцэцэг судалгаа явуулж байна.
Түүний судалгаанд ахлах ангийн 15-17 насны 62, дунд ангийн 12-14 насны 145 сурагч, 35-43 насны 6 эцэг эх хамрагджээ. Судалгаанаас үзэхэд, сурагчдын 60-62 хувь фэйсбүүкт орох, 20-26 хувь нь интернет хэрэглэх, 47-52 хувь нь дуу сонсох, 21-29 хувь нь оддын мэдээллийг үзэх, 15-9 хувь нь хүссэн мэдээллээ авах гэж гар утас ашигладаг гэжээ. Харин аав, ээжийн хувьд 53 хувь нь холбоо барих, 26 хувь нь амьдралд тустай мэдээлэл авахаар интернет болон фейсбүүк ордог нь тогтоогджээ.
Ингэж хүүхэд цахим ертөнцөөр хорхойтон аялж байгаа явдал нь бусдад ашиглагдах, буруу замд орж хөл алдах, биеийн хөгжлийн эрүүл мэнд муудах, хэл ярианы доголдолтой болох, хүний үг сонсохоо болих гэгчлэн муу зуршилд автагддаг аж. Судалгаанаас үзэхэд ихэнх сурагч фейсбүүк, инстаграмм, скайт хаягтай байдаг учир насанд хүрээгүй балчир үрээ ухаалаг утаснаас хөндий байлгаж энгийн утас хэрэглүүлж хэвших нь зүйтэй. Оросын сурган хүмүүжүүлэгч Б.М. Неменскгийн “Хүн төрөлхтний ирээдүй, өнөөдөр, сурагчийн ширээний ард сууж байна”-гэсэн үгийг санаж гэрэлт ирээдүйгээ ухаалаг гар утасны аюулаас зайлуулахад анхаарах цаг болсны түгшүүрийн дохиог өгч байна. Ганцхан жишээ дурьдахад, дэлхийн эрдэмтдийн судалгаагаар, 1970 онд дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 4 хувь нь хэл ярианы хөгжил дутмаг байсан бол одоо 25 хувьд хүрчээ. Үүний гол шалтгаан нь хүүхдүүд мэдээлэл харилцааны технологийг буруу, удаан хугацаагаар хэрэглэсэн явдал гэж судлаач багш дүгнэжээ.
Л.Булган