АРХАНГАЙ: Засаг даргын дэргэд Насан туршийн суралцахуйн зөвлөл байгуулах чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-21 12:23:46

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийг орон нутгийн хөгжлийн сангийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар багш, суралцагч, иргэд олон нийт хөгжих шинжлэх ухаан, инновацын зориулалтаар тохижуулсан. 

 

Багш, төрийн албан хаагч, иргэдэд зориулсан 100 хүний багтаамжтай сургалтын танхим, цахим сургалтын өрөө болон сургалтын студи, оюун ухааны сургалтын анги, STEM сургалтын анги, байгалийн ухааны хичээлүүдийн цогц лаборатори, бага ангийн сурагчдад зориулсан англи хэлний сургалт гээд орчин үеийн хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцсэн хөтөлбөрүүдийг эхлүүлж, орчин үеийн шийдэл бүхий сурч хөгжих таатай орчин бүрдүүлж чадсан байна.

 

10 жилийн ойгоо угтаж буй тус байгууллага 10 орон тоотой ба төвийн захирал, сургалтын менежер, багш нар аймгийн иргэдийн насан туршдаа суралцаж, хөгжих эрэлт хэрэгцээнд тулгуурлан 21 төрлийн сургалтыг бие даан удирдан чиглүүлж, үнэ төлбөргүйгээр нээлттэй зохион байгуулдаг.

 

Энэ сарын 20-нд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Архангай аймагт ажиллахдаа Насан туршийн суралцахуйн төвөөр орж, танилцан цаашид орон нутгийн соёл, спорт, ахмад, залуучуудын байгууллагууд хамтран ажиллах, Засаг даргын дэргэд Насан туршийн суралцахуйн зөвлөл байгуулж, үйл ажиллагаагаа уялдуулах, аймгийн эдийн засаг, хөгжлийн гол хөшүүрэг болох мал аж ахуй, аялал жуулчлалын хүний нөөцийг хөгжүүлэх хувь хүн, гэр бүлийн соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцагч аймаг болох чиглэлээр санал солилцжээ.





関連ニュース