АРХАНГАЙ: Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-24 13:49:32

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


Энэ хурлаар 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх, Засгийн газрын А/57 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/23 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулах, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг өглөө.


Хуралд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид, аймгийн Цагдаагийн газрын дарга О.Түмэнбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Б.Болормаа нар 19 сумын Засаг дарга, тамгын дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, сумдын нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд оролцлоо.


Энэ сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд 12 настай хүү мориноос унаж амиа алдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Амиа алдсан хүү уяачийн туслах малчны хүү мориноос унаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан тухай Хүний эрхийн үндэсний комисс мэдээлсэн. Энэ төрлийн тохиолдол морь уралдуулах, үсэргээ явуулах үед ахин бүү гараасай гэдэг үүднээс ахин сэрэмжлүүлж, ажлаа эрчимжүүлэхийг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудад анхааруулсан юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 


関連ニュース