ХОВД: Ирэх сарын 2, 3-нд зарим газраар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Энэ
сарын 28-нд уулархаг нутгаар, сар шинийн баярын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 2, 3-нд зарим газраар цас орно.
Салхи энэ сарын 27, 28-нд зарим газраар секундэд 5-10 метр, алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Бусад хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 1-6 метр
байх төлөвтэй.
Харин
агаарын температурын
хувьд их нууруудын хотгор болон цэцэг сумын нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө
-11-16 градус байна. Мөн Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө
-13-18 градус, өдөртөө -2+3 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө -18-23 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байх
төлөвтэй.
Энэ сарын 20-нд хийсэн судалгаагаар сумдад цасны зузаан 0-13 см байна.
Үенч, Алтай суманд цасны зузаан
хамгийн их буюу 10-13 см байна. Харин Дарви
суманд 7, Зэрэг, Булган суманд 6, Дөргөн суманд 5 см цастай байгаа юм.
Мөн Дуут, Мөнххайрхан, Мөст, Ховд
сумын нутгаар 1 см-ээс бага цастай, бусад сумын нутгаар цасны зузаан 2-4 см
байна.
Үенч сум цагаан зудын байдалтай, Булган, Дөргөн, Зэрэг, Алтай, Дарви сумын нутагт цагаанаар зудархуу байна гэх мэргэжлийн байгууллагын үнэлгээ, судалгаа мөн гарчээ.
Сумдад сульдсан, даарч бээрсэн,
тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх, цас ихтэй газраас нүүдэллэх,
мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжилж байгаа.
Зарим нутгаар цас ихтэй хүйтний
эрч чангарч байгаагаас бод, бог мал бэлчээрт гарч идээшилж чадахгүй бээрч сульдах,
доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөх, зарим муудсан бог мал хээл хаях, бөөгнөрч
дарагдах зэргээр таагүй байдал үүссэн гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс
мэдээлэв.