АРХАНГАЙ: Дэлхийд таван зүйлийн тул загас байдгаас нэг төрөл нь Архангайд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-27 16:44:16

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд таван зүйлийн тул загас байдаг байна. Монгол оронд тэр тусмаа Архангай аймагт ердийн тул (Hucho taimen) нь нутагладаг.


Тул загас нь Хулдын овгийн хамгийн том загас юм. Цэнгэг усны хаан гэгддэг тул загасны дээд эрүү нь нүдээ давсан урт, хайрс нимгэн, бие дээрээ хагас саран хэлбэрийн хар толботой байдаг.


Хүний гарын хээ дахин давтагдашгүй байдаг шиг тулын толгой дээрх толбо өөр өөр байдаг. Эр тулын биеийн өнгө нь зэсэн улаан, сүүлнийх нь сэлүүр час улаан болж ирнэ. Тул загасны биеийн урт 1.8 м, биеийн 38 кг хүрнэ.


Тул загас нь амьдралынхаа бүх цаг хугацааг уулын ширүүн урсгалтай, хүчилтөрөгчөөр баялаг, цэнгэг устай нуур, голд өнгөрүүлдэг. Голын гүнзгий хэсэг, хадан хясаа, эгч эрэг бүхий цүнхээр, гүнзгий булан тохойд зохилон амьдарна. Өвөл голын гүн цүнхээлд өвөлжинө.


Тул загас жилд дунжаар 8-12 см өсөөд 1 метрээс дээш болоход биеийн өсөлт удааширч, жин нь нэмэгдэж эхэлдэг байна. Монгол орны ердийн тул загас “дундаж” өсөлттэй, 1.8м, 38 кг жинтэй байдаг.


Тул загасыг яагаад голын чоно гэж нэрлэдэг вэ?

Залуу тул усны элдэв сээр нуруугүйтэн амьтдаар хооллож байгаад 4 наснаасаа махан идшинд шилжин загас, жижиг хөхтөн, шувууны ангаахай, дэгдээхий барьж иднэ. Золиос амьтдаа бөөнөөр нь хөөдөг учир “голын чоно” хэмээн нэрлэдэг ажээ.


Ердийн тул загас нь олон улсын дансанд “эмзэг”/VU/, Монгол орны загасны улаан дансанд “устаж болзошгүй /EN/ ангилалд орсон байдаг.


“Чулуут тул” НҮТББ-аас Архангай аймгийн Тариат суманд 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн “Чулуут тул 2030” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл нь 2019-2030 он хүртэл үргэлжилнэ.


Төслийн багийнхнаас Чулуут голын өнөөгийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр сайжруулах, ирээдүйд учирч болох сөрөг нөлөөлөл, устах аюулаас ховор загас тулыг аварч хамгаалах, түүний идэш, тэжээл болох хадран, зэвэг, жараахайн загасуудыг зориудын аргаар өсгөн үржүүлж, сэргээн нутагшуулах зорилгоор “Чулуут тул 2030” төслийг ийнхүү санаачлан хэрэгжүүлж байна.


関連ニュース