Мексикийн хар тамхи наймаалагчдыг АНУ-д шилжүүлэн өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО, 2025 оны хоёрдугаар сарын 28 /DW/. Мансууруулах бодис наймаалагч бүлэглэлийн гишүүн 29 этгээдийг АНУ-д шилжүүлэн өгсөн гэдгээ Мексикийн эрх баригчид пүрэв гарагт мэдэгджээ.
Хууль бус
цагаачлал, мансууруулах бодисын урсгалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн бараанд татвар ногдуулахаа
мэдэгдсэн энэ үед дээрх мэдэгдлийг хийлээ.
Мексикийн Ерөнхий прокурорын газар болон Аюулгүй байдлын яамны хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Хууль зүйн яам дээрх 29 хүнийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан байна. АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын /DEA/ олон улсын үйл ажиллагаа хариуцсан дарга асан Майк Вигил үүнийг “түүхэн” шийдвэр гэж тодорхойлсон байна. М.Вигил мөн Мексик улс ихэвчлэн цөөн хэдэн сэжигтнийг шилжүүлэн өгдөг гэдгийг дурджээ. Мексик тэднийг АНУ-д шилжүүлэн өгөх нь “тарифын асуудлаарх хэлэлцээнд эергээр нөлөөлнө” гэдэгт тэрбээр найдаж байна.
Энэхүү мэдэгдэл
нь Мексикийн бүх импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах шийдвэрийг цуцлуулахыг эрмэлзэж буй Мексикийн өндөр албан тушаалтнуудын Вашингтонд
хийж буй айлчлалтай давхцаж байна. Татвар ногдуулах шийдвэр ирэх гуравдугаар
сарын 4-нөөс хэрэгжиж эхлэх юм.
Албан ёсны мэдэгдэлд АНУ-ын талд шилжүүлэн өгсөн мансууруулах бодисны наймаачдын нэрийг дурдаагүй боловч нөлөө бүхий этгээдүүд багтсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, Гвадалахара картелийн толгойлогч асан Рафаэль Каро Кинтеро баривчлагдсан хүмүүсийн дунд байна. Тэрбээр 2022 онд Мексикт баривчлагдах хүртлээ Холбооны мөрдөх товчооноос хамгийн их эрэн сурвалжилж байсан 10 хүний жагсаалтад багтаж байв. 72 настай түүнийг DEA-ийн нууц ажилтан Энрике “Кики” Камаренаг хулгайлж, тамлан зовоож, хөнөөх тушаал өгсөн гэж буруутгаж байгаа юм. Мөн мансуууруулах бодис наймаалагч "Зетас" бүлэглэлийг удирдаж байсан Омар болон Мигель Анхель Тревино Моралес нарыг шилжүүлэн өгсөн бололтой.