M23 бүлэглэл Конгын энхийн хэлэлцээнээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-18 09:58:18

КИНШАСА, 2025 оны гуравдугаар сарын 18 /AP/. Анголд мягмар гарагт болох энхийн хэлэлцээнээс гарч байгаагаа Руандагийн дэмжлэгтэй М23 зэвсэгт бүлэглэл даваа гарагт мэдэгджээ. M23-ын босогчид Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газартай тус улсын зүүн хэсэг дэх мөргөлдөөнийг зогсоохоор шууд хэлэлцээ хийх ёстой байсан юм.


Гэвч M23 бүлэглэл бүрэлдэхүүнд нь багтдаг Конго мөрний холбооноос даваа гаргийн өглөө мэдэгдэхдээ, Европын Холбооноос /ЕХ/ M23 болон Руандагийн албан тушаалтнуудын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас хэлэлцээнээс гарч байгаагаа зарлажээ. Тэд ЕХ-ны шийдвэрийг “олон нийтийн ихэд хүлээж байсан яриа хэлэлцээнд саад учруулах зорилготой гэж тодорхойлжээ.


Руанда улс мөн даваа гаргийн өглөө хуучин колоничлогч Бельги улстай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Кигалийн засаг захиргаа Брюсселийг неоколоничлолын төөрөгдлөө хадгалахыг оролдсон гэж буруутгасан байна.


Засгийн газрын эсрэг арав гаруй жилийн турш тулалдаж буй M23 босогчидтой шууд яриа хэлэлцээ хийхээс Конгын Ерөнхийлөгч Феликс Чисекеди өмнө нь татгалзаж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Анголын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа M23 бүлэглэлийнхэнтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


M23-ынхан хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэний дараа Ф.Чисекедийн хэвлэлийн төлөөлөгч Тина Салама засгийн газрын төлөөлөгчид тэдний шийдвэрийг үл харгалзан Луанда руу явах болно гэж мэдэгджээ. M23 энэ оны эхээр байлдааны ажиллагаагаа эрчимжүүлсэн байна. АНУ болон НҮБ-ын мэргэжилтнүүдийн мэдэгдэж буйг үл харгалзан Руанда босогчдыг дэмжиж байгаагаа үгүйсгэсээр байна.


М23 бол Руандатай хиллэдэг Конгын зүүн нутаг дахь ашигт малтмалаар баялаг бүс нутагт өөрийн байр сууриа тогтоох хүсэлтэй 100 орчим зэвсэгт бүлэглэлийн нэг юм. Уг бүлэглэл энэ онд Конгын зүүн хэсгийн хоёр том хотыг эзлэн авчээ. Он гарснаас хойш байлдааны ажиллагааны улмаас олон мянган хүн амь үрэгдэж, олон зуун мянган хүн дүрвэсэн байна.



関連ニュース