АРХАНГАЙ: Энэ онд үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-19 12:34:08

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх зардлыг аймгийн ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/04 тогтоолын зургаадугаар хавсралтаар баталсан.


Хүний хөгжил, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого гэсэн үндсэн дөрвөн зорилтын хүрээнд нийт 2.4 тэрбум төгрөгийг баталсан байна.


Тухайлбал, хүний хөгжлийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх, нийтийн биеийн тамир, спортын орчны хүртээмжийг сайжруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулж, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайруулж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн салбаруудад хэрэгжүүлэхээр 1.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.


Эдийн засгийн бодлогын хүрээнд тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, биологийн олон янз байдлын алдагдлыг бууруулах, соёл, аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлд 700.0 сая төгрөгийг зарцуулах юм.


Хүний эрхийг дээдэлсэн бодлогын хүрээнд буюу хүний эрх, эрх чөлөө, хууль эрхзүйн салбарт 425.0 сая төгрөгийг тус тус зарцуулахаар баталсан байна.   

関連ニュース