У.Сарангуа: Хүн амын ундны усны хайгуул судалгааг шинээр хийх хэрэгцээ шаардлага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-25 11:41:00

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдөр жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог. Эл өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд усны нөөц, судалгаа, хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар аймгийн Байгаль орчны газрын Усны нөөц ашиглалт, хамгаалалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн У.Сарангуагаас тодрууллаа.


-Архангай аймгийн цэвэр усны нөөц ямар хэмжээнд байдаг вэ?

-Архангай аймгийн төв болон сумын төвүүдийн хүн амын унд, ахуйн усны эх үүсвэр нь газрын доорх усаар хангагдаж байна. Хөдөөгийн малчдын хувьд газрын доорх ус болон гадаргын усыг ашигладаг. Архангай аймгийн хувьд гадаргын усны сүлжээ элбэгтэй бүс нутаг.


Усны нөөцийг хайгуул судалгааны ажлын үндсэн дээр тогтоодог. Сум, суурин газруудын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг. Усны нөөц нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны усны нөөцийн зөвлөлөөр баталгааждаг. Сүүлийн жилүүдэд Архангай аймгийн хэмжээнд газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг хийгээгүй. Өнөөгийн байдлаар аймгийн хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааны ажлыг хийх, шинэ нөөц тогтоох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа.


-Усны эх ундарга нь цэвдэг байх учиртай болов уу, цэвдгийг хэмждэг үү? Архангайн цэвдэг бүхий га талбай хэд вэ?   

-Цэвдэг хэмээх чулуулаг нь усны эх үүсвэрийн нэг болж, байгаль орчны экосистемд маш чухал эерэг нөлөө үзүүлдэг. Манай орны хувьд цэвдгийг газарзүй, геоэкологийн хүрээлэн судалдаг. Архангай аймгийн хувьд Хангайн нурууны урд хэсгийн цэвдэгтэй бүс нутагт оршдог. Сүүлийн жилүүдэд цэвдэг бүхий Цахир, Хангай, Тариат суманд цэвдгийн гэсэлт эрчимжиж байна. 1971 оны цэвдгийн судалгааг 2016 онд хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад Хангайн нурууны хэмжээнд цэвдгийн урд хил 94 километрээр хойшилж, гадаргын өндрийн хувьд 900 метрээр дээш шуугдсан дүн гарсан.


-Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлыг төлөвлөсөн бэ?

-Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, бохирдол ширгэлтээс хамгаалахын тулд жил бүр орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, иргэдийн дэмжлэгтэйгээр булаг шанд, рашааны эхийг хашиж, хамгаалах ажлыг хийж байна. Өнгөрсөн 5 жилд 64 булаг шандны эхийг хашиж хамгаалсан байна. 2024 оны усны тоо бүртгэлийн мэдээгээр хашиж хамгаалах шаардлагатай 96 булаг шандны судалгаа гарсан. Булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлыг цаашид өргөжүүлэн ажиллана. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур, “1 сум-1 нуур” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Уг ажлын хүрээнд хөв цөөрөм байгуулах боломжит газруудын судалгааг хийж, хөв цөөрөм, усан сан байгуулах, гол, булаг шанд, рашаан, нуурыг бохирдолт, ширгэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. 


-Өгий нуурыг сэргээх, хамгаалах ажил нэлээд хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Энэ ажил ямар шаттай яваа вэ?

-Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн 2 дугаар үе шатны ажлын тендер шалгаруулалтыг 2024 оны 5 дугаар сард хийсэн. Нийт 4 багц ажил зарлагдсан юм билээ. Үүнээс 1 дүгээр багц ажил нь Өгий нуурын оролт болох Хөгшин Орхон голын урсцыг нэмэгдүүлж улмаар Өгий нуурын усны түвшнийг нэмэгдүүлэх, 2 дугаар багц нь Өгий нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах ус намгархаг газрыг хашаалах, 3 дугаар багц нь нуурын ёроолын тор, хог хягдлыг цэвэрлэх, 4 дүгээр багц нь нуурын эргийн дахин төлөвлөлт хийх юм.


Эдгээр ажлуудаас 2024 онд Ус намгархаг газрыг хамгаалах 8 км хашаа барьсан. Мөн нууран дээр 40 метр хязгаарлалтын хөвүүрийг хийсэн. Үлдсэн ажлуудыг 2025 онд хийхээр төлөвлөсөн.    


-Усны тооллогыг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ? Архангай аймгийн тухайд хэчнээн гол горхи, булаг шанд, нуур тойром байгаа вэ?

-Усны тоо бүртгэлийн ажлыг усны тухай хуульд жил бүр орон нутгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар заасан байдаг. Өнгөрсөн 2024 онд Архангай аймгийн хэмжээнд тооллогын ажил зохион байгуулсан. Тооллогоор гол горхи 995, булаг шанд 1005, нуур 232, рашаан /рашаан төст булаг/ 46, худаг 1233, хөв цөөрөм 2 тоологдсон байна. 

 

-Сүүлийн жилүүдэд хур тунадас их байгаа учраас ширгэсэн нь ч гарсан болов уу?

-Жил бүр орж байгаа хур тундасны хэмжээнээс хамааралтай гадаргын усны тоо хэмжээ, төлөв байдал өөрчлөгддөг. 2024 оны тооллогоор 42 гол горхи ширгэж, 8 сэргэсэн, 71 булаг ширгэж, 42 сэргэсэн, 7 нуур ширгэж, 6 сэргэсэн мэдээ гарсан байна. Бид зөвхөн тоо бүртгэл гаргах биш хашиж, хамгаалах шаардлагатай булаг шандны судалгаа, засварлах шаардлагатай худгууд, усны нөөц, хомсдол хамгааллын мэдээ, ус ашиглалтын жилийн мэдээ зэрэг маш олон чухал мэдээллүүдийг гаргадаг.


-Цаашид усны чиглэлээр авч хэрэгжүүлэх томоохон ажил, хөрөнгө оруулалтууд юу байх вэ?

-Нэн тэргүүнд дээр хэлсэнчлэн булаг шандны эхийг хашиж, хамгаалах ажлыг эрчимжүүлнэ. Архангай аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоох ажлыг 2021 оноос эхлэн Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай хамтран хийж байгаа. Энэ жил хамгаалалтын бүсийг тогтоож, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.


Мөн байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах уриалга дэвшүүлж нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Ярилцсанд баярллаа.


関連ニュース