АРХАНГАЙ: Түүх, нийгмийн ухааны олимпиадаас М.Гантулга шилдэг багшаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-31 12:02:08

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Алтан гадас одонт, АБТА, Монгол Улсын зөвлөх багш А.Мөнхбилэгийн нэрэмжит түүх, нийгмийн ухааны хичээлийн нээлттэй олимпиад гурвдугаар сарын 28-нд Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургууль дээр боллоо.


Анх удаа болсон энэхүү нээлттэй олимпиад нь сурагчдын хүсэж хүлээсэн, эрэлт хэрэгцээ бүхий олимпиад байсан ба Архангай, Увс, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар зэрэг аймаг, хотын 32 сургуулийн 1000-аад сурагч, 50 гаруй багш оролцсон юм.


Энэхүү олимпиадыг зохион байгуулах санаачилгыг А.Мөнхбилэг багшийн 2003 оны төгсөгчид гаргасан бөгөөд 1996, 2009, 2015, 2022 оны төгсөгчид хамтран зохион байгуулсан юм.

 

Сурагчдын медалийн тоо, чанараас хамааран багийн дүнгээр байр эзлүүлэхэд Хоёрдугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Гантулга шилдгийн шилдэг багшаар шалгарсан бол 1-р сургуулийн багш Б.Анхбаяр, Увс аймгийн Улаангом сумын багш Б.Сундуйдорж нар удаах байруудад орсон юм.

 

Тус олимпиад нь зөвхөн аймгийн хэмжээний 9-12 дугаар ангийн сурагч, багш бус бүсийн хэмжээний цар хүрээг хамарснаараа онцлог болж, 80 гаруй сурагч шагналт байрт орсон байна.


Монгол Улсын зөвлөх багш А.Мөнхбилэг нь 1985 онд Эрдэнэбулган сумын 1-р сургуулийг төгсөөд, ОХУ-ын Иркутск хотын Улсын багшийн дээд сургуулийг түүх, нийгмийн ухааны багшаар 1991 онд төгсжээ. 1991 оноос хойш өнөөг хүртэл Эрдэнэбулган сумын Хоёрдугаар сургуульд тасралтгүй 35 жил багшилсан бөгөөд сүүлийн 20 жилд нь олон хүүхдийг олимпиад, элсэлтийн шалгалтуудад бэлдэж, олон амжилт гаргажээ.

 

Элсэлтийн шалгалтын 25 оноо, 40 оноо авдаг байх үе, одоогийн 800 оноо авах үеийн шалгалтуудад түүний бэлтгэсэн нийт 40 гаруй сурагч 25, 40, 800 оноог авсан амжилтыг өгүүлж болох юм. Түүний энэхүү туршлагыг хуваалцах багш нарын хүсэлтүүд хол, ойрын аймаг сумаас ирэх нь цөөнгүй. Мөнхбилэг багш нь багш, сурагчдын сурлагын чанарт анхаарч, түүх, нийгмийн ухаан, иргэний боловсролын хичээлийн массын сургалтаа 100 хувь амжилттайгаар сургаж иржээ.   

関連ニュース