АРХАНГАЙ: Боловсролын гурван байгууллага хүүхдийн автобустай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-01 12:17:12

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалаар ахлуулсан ажлын баг Архангай аймагт ажиллалаа.


Тэрбээр аймгийн Шинжлэх ухаан, инновацын төвд аймгийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарын бодлого, шинэ хууль, тогтоомжийн тухай мэдээлэл өгч, санал солилцсон юм.


Энэ үеэр боловсролын байгууллагуудад 24 хүний суудалтай бага оврын хүүхдийн гурван автобус, нөүтбүүк, ухаалаг дэлгэц, хүүхдийн STEAM сургалтын тоглоом зэрэг 1 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


Өөрөөр хэлбэл, хүүхдийн 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын зургаан сургууль, Насан туршийн суралцахуйн төвд найман нэр төрлийн сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.


Насан туршийн суралцахуйн төв, Эрдэнэбулган сумын 4-р сургууль, Батцэнгэл сумын ЕБС-д тус бүр 28 хүний суудалтай хүүхдийн автобус, Эрдэнэбулган сумын 3, 5-р сургуульд иж бүрэн номын сан, Эрдэнэбулган сумын 1-р сургуульд STARLINK интернэтийн тоног төхөөрөмж, бусад байгууллагад STEAM сургалтын хэрэглэгдэхүүн, 65 инчийн ухаалаг дэлгэц, зөөврийн компьютер болон бусад тоног төхөөрөмжийг гардууллаа.


Хүүхдийн автобустай болсон байгууллагуудын удирдлагууд хүүхдийн аймаг, бүс, улсын олимпиад, массын олимпиадуудад орох боломжийг нээж өглөө хэмээн баяртай байгаагаа илэрхийлэв.


Болосролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, “Боловсролын салбарт чанар, хүртээмжийн асуудал маш чухал. Хүртээмжийн асуудлыг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн сурч, хөгжих орчныг сайжруулна. Чанарын хувьд багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах, хөгжих явцыг тасралтгүй дэмжих байдаг. Энэ хүрээнд Архангай аймгийн зарим сургууль, цэцэрлэгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг 2024 оны тендерийн хуваарилалт, хэмнэлт зэргээс эх үүсвэрийг шийдэж хангалаа”.


Боловсролын байгууллагыг шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг ирэх жилүүдэд ч шат дараатайгаар хийх ажээ. 

関連ニュース