Т.Оюунбат: Сүүлийн үед хүмүүс хуучны өв уламжлалаа сэргээх тал дээр маш их анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-01 14:56:24

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 01 /МОНЦАМЭ/. Улаангомын сумын ИТХ-ын төлөөлөгч, алт, мөнгөний дархан Түвшинжаргалын Оюунбаттай ярилцлаа.  


-Хэдийнээс дархны ажил хийж эхэлсэн бэ?

-Алт, мөнгөний дархан хийгээд 10 гаруй жил болж байна. Ер нь бол өөрийнхөө сонирхлын дагуу бие даагаад, оролдоод байж сурсан даа. 2017 онд Түмэнжаргал гээд Дархан хотод амьдардаг, дархан хүн дээр очиж 14 хоногийн дагалдан хийж мэдэхгүй зүйлээ заалгасан. Тэр цагаас хойш одоог хүртэл алт, мөнгөний дархан хийж байна даа.


-Ямар бүтээлүүд голчлон урлаж байна вэ?

-Мөнгөн эмээлийн бүрэн тоноглол баавар, хазаар, ташуур, аяга, хэт хутга, гаанс, хөөргийн нуух, ээмэг, бөгж, гинж гээд алт болон мөнгөөр хийж болох бүхий л зүйлийг хийж байна. Сүүлийн үед хүмүүс хуучны өв уламжлалаа сэргээх тал дээр маш их анхаарч байна. Тухайлбал, эмээл тааруулж гэртээ тавилаа гэхэд дагалдах хазаар, ташуурыг бас хийлгэж байна.

Мөн үйлдвэрийн мөнгөн аяганы орц нь бага тул амархан салж мууддаг болохоор тэр аягануудаа нэгтгээд нэг гайгүй аяга хийлгэе гэсэн захиалга мөн их ирж байна. Гар хийцийн мөнгөн аяга нь орц сайтай хийдэг болохоор эдэлгээ урт, чанартай, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээсэн ч болдог.


-Түүхий эд материалын олдоц хэр байдаг вэ? Үнэ ханш нь өндөр үү?

-Сүүлийн үед материалын үнэ нэмэгдээд байна. Намайг анх дарх хийж эхэлж байхад 1 лан мөнгө 40 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 140-150 мянган төгрөг болсон. Мөн алтны үнэ ч их өссөн, байгалийн алт гэхэд одоо грамм нь 260-270 мянган төгрөгийн хооронд байна. Материалын үнэ өсөхөөр бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Тийм болохоор хийх ажлын хөлс дээрээ аль болох уян хатан байхыг хичээдэг. Ер нь бол ажлын хөлс урлаж байгаа бүтээгдэхүүнийхээ хийцээс шалтгаалаад өөр өөр байдаг. Ажиллагаа ихтэй бүтээлүүдийн үнэлгээ арай жаахан өндөр байх жишээтэй. Өртөг өндөр болчихвол иргэдийн амьдралд хүндхэн тусах учраас би аль болох боломжийн үнээр хийж өгөхийг хичээдэг.


-Бүтээлээ ямар аргаар голчилж хийдэг вэ?

-Уламжлалт хөөмөлдөх аргыг ашигладаг. Бүх бүтээлийнхээ хээ хуарыг өөрөө зурж бэлдээд лав нь дээрээ буулгаж, хоёр талаас нь зөөлөн тогшиж хээлдэг. Ямар нэгэн хэв огт ашиглахгүй. Бүх ажиллагаа нь нэг бүрчлэн гараар хийдэг.

Би дарх хийхдээ их олон янзын багаж тоног төхөөрөмж ашиглаад байдаггүй.  


-Алт, мөнгөний дархнуудаас өөрийн тань бүтээл юугаараа ялгардаг вэ?

-Дархан хүн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байдаг. Би хувьдаа хээ угалзаа арай бодитой гаргах тал дээр анхаарч ажилладаг. Ер нь бол хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ ханддаг. Мөн цаад хүндээ ч үнэ цэнтэй бүтээгдэхүүн болоосой гэж бодож хийдэг. Чанартай дээрээ үзэмжтэй хийхийг хичээдэг, чанартай гээд нэг их үзэл сурталгүй юм хийчихвэл хэцүү. Тийм болохоор уран хийц, өнгө үзэмждээ маш сайн анхаардаг. Манай аймагт гэхэд л албан ёсны ажлын байртай, сууж ажлаа хийж байгаа 4-5 дархан байна. Мөн хувиараа гэр орондоо дарх хийж байгаа хүмүүс ч бий.


-Алт, мөнгөн эдлэлийг хэрхэн арчлах вэ?

-Мөнгө угаасаа харладаг металл учраас арчилгаа их шаардана. Сүүлийн үед арчдаг тусгай бодисууд гарсан байна лээ. Гэрийн нөхцөлд содоор арчихад өнгө ороод цэвэрхэн болдог.


-Төсөл, хөтөлбөрт хамрагдаж, зээл тусламж авч байсан уу?

-Төр засгаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг зөв ашиглаж чадвал их зүгээр юм байна лээ. Гурван жилийн өмнө Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зарласан төсөл хөтөлбөрт хамрагдсан. Энэ нь ажлаа хийхэд тодорхой хэмжээгээр нэмэр болсон.


-Шавь бэлдэх тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Шавь бэлдэх санаа бол их байгаа. Хүүхдүүд ирэх юм. Гэхдээ 2-3 өдөр суучихаад залхдаг юм уу, эсвэл халширдаг ч юмуу, мэдэхгүй яваад өгдөг. Дарх хийнэ гэдэг маш их тэвчээртэй хүний ажил л даа. Гэтэл одоогийн хүүхдүүд арай амар хялбар аргаар мөнгө олох санаатай юм шиг ажиглагдсан.


-Хамгийн их хугацаа, ур ухаан шаардсан ямар бүтээл урлаж байв?

-Баяд эмээлийн чимэглэл хийж, бүрэн тоноглоход нэг сарын хугацаа зарцуулж байсан. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эмээл бүрэн тоноглож гаргасан. Үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Хийцээсээ шалтгаалаад хамгийн багадаа 10 сая төгрөг болно.


-Өөрийнхөө бүтээл дээр таних тэмдэг үлдээдэг үү?

-Би бүтээл дээрээ ямар нэгэн тэмдэг, тамга тавьдаггүй. Тамга, тэмдэг тавьдаггүй ч гэсэн өөрийнхөө хийсэн бүтээлийг хаанаас ч харсан таньдаг.


-Өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу?

-Би 1982 онд Улаангом суманд айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа цэцэрлэгт өнгөрөөж, 1999 онд 10 жилийн 3-р сургуулийг төгссөн. Улмаар 2000-2017 он хүртэл Улаангом сумын 8-р багт мал маллан амьдарч байлаа. Ам бүл гурвуулаа. Гэргий Ж.Долгор маань Тэс суманд төрж өссөн, эдийн засагч мэргэжилтэй.

Миний бие 2024 онд Улаангом сумын 8-р багаас сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, малчин түмнийхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээн ажиллаж байна.

-Танд баярлалаа.

関連ニュース