НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтнүүд Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Цэдмаа, Өсвөр үе, залуучууд хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Х.Баттуяа тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна.
Тэд өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Талууд цаашид өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, эх, нярайн тусламжийг сайжруулах чиглэлд анхаарч, хамтран ажиллахаар болсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтнүүд энэ удаа Ховд аймгийн Булган, Зэрэг суманд ажиллаж, Люксембургийн төслийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн явцтай танилцжээ. Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцов.