Мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд энэ хавар 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийд өөр хаана ч байхгүй, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалах цогц ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Мазаалай 2 дугаар сарын сүүл болон 3 дугаар сарын эхээр ичээнээсээ гарч ирдэг тул идэш тэжээл дутмаг энэ үед нь нэмэлт тэжээл тавьж өгдөг. Тиймээс энэ жилийн эхний 3 440 килограмм нэмэлт тэжээлийг хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд, 26 цэгийн 43 тэжээлийн саванд байршуулсан бол хоёр дахь удаагийнхыг энэ сарын 20-ноос байршуулж эхэлжээ.
Энэ удаад 4 000
килограмм нэмэлт тэжээл тарааж байршуулснаар энэ хавар мазаалайн гол байршил нутагт нийт 7.5 тонн орчим нэмэлт
тэжээлийг тавьж өгөхөөр ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул
онцоллоо.
Мөн тэрбээр "Мазаалай" цахим хуудсанд мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудаас мэдээлжээ.Үүнд:
- - Мазаалай баавгайн тархац нутагт усны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн хийцтэй хөв цөөрөм байгуулах,
- -Уст цэгийн орчинд бодит цагийн хяналт хийх боломжтой камер суурилуулах,
- -Мазаалай баавгайн идэш тэжээлийн бүтцийг эсийн түвшинд тодорхойлох судалгаа хийх,
- -Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн чанарыг сайжруулах, туршилт хийх, идэш тэжээлийн нөөц бэлтгэх,
- -Мазаалай баавгайн
гадаад, дотоод шимэгчдийн судалгаа хийх,
- -Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх,
- -Мазаалай баавгайн тархац нутагт үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авах,-
- Мазаалай баавгайн судалгааны төв байгуулах зэрэг төлөвлөж байна.
Зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалснаар их говийн экосистем сайжирч, говийн ховор амьтад давхар хамгаалагдах ач тустай юм.