ХӨВСГӨЛ: Гамшиг, эрсдэлээс сэргийлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, цаг үеийн мэдээлэлтэй танилцан, үүрэг чиглэл өглөө.
Тус аймагт ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр 15 суманд их буюу эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлын төлөвлөгөөг батлуулан, шаардагдах төсвийг тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян “Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Газар зүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь үр дүнтэй” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Мөн тэрбээр нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хуурайшилт өндөр байгаатай
холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах,
тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах, холбогдох зардлыг
эртнээс оновчтой төлөвлөж, зарцуулах, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах
алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг
гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхийг анхаарууллаа.