ХӨВСГӨЛ: Нэгдүгээр ангийн 2875 сурагч эрт илрүүлэгт хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажил Хөвсгөл аймагт эхэллээ.
Тус аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 34 сургуулийн нэгдүгээр ангийн 2875 хүүхэд эрт илрүүлэг үзлэгт хамрагдана.
Үзлэгийг сургуульд суурилан сургуулийн эмч, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн сургагдсан эмч нар хамтран зохион байгуулна.
Эрт илрүүлэг үзлэг зөвхөн оношлоод орхих бус эмчилгээг давхар хийж, хүүхдийг эрүүл болтол нь хяналт тавих, цаашлаад сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох эхлэлийг тавьж байгаагаар онцлог гэдгийг Боловсролын газрын дарга О.Бадраа ярилаа.