АРХАНГАЙ: Чилэн балгас Уйгар, Кидан улсын үед холбогддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн газруудыг цувралаас танилцуулж байгаа билээ. Энэ удаад Чилэн балгасны тухай өгүүлнэ.
Өгийнуур сумын Өгий багийн нутагт Чилэн хэмээх эртний хотын үлдэц оршдог. Уг балгасыг 2002, 2003 онд археологчид судалгаа хийж дэвсгэр зураг үйлджээ.
Уг хотын үлдцийг нутгийнхан одоо Чилэн, Чилэн балгас, Чилэн хангай хэмээн нэрийддэг байна.
Чилэн нь Орхон гол дээрх Өгийн гүүрийн өмнө этгээдэд 2.5 км зайд, Орхон, Хөгшин Орхон хоёр голын хоорондох уудам цалгай хөндийн умард үзүүрт “Амин нуур” хэмээх газрын хажууд оршино. Чилэн нь зузаан шороо үелэн дагтаршуулж үйлдсэн залгаа хоёр хэрмээс бүрдсэн хот ажээ.
Үндсэн хэрэм нь хойд зүгтээ байрласан бөгөөд нэг хэрмээс нь нөгөөд шууд орж гардаг хаалгатай. Одоогийн байдлаар, хойд талын гол хэрмийн үлдэц нь өндөр бөгөөд зузаан юм.
Гол хэрмийн өндөр 59 м, хэрэм сууриараа 26 м өргөн, дээгүүрээ 4-6 м өргөн байна. Энэ хэрэм зүүн хойд хэсгээрээ хамгийн өндөр бөгөөд тэр нь гадна талаас 18 м өндөр юм. Уг балгасыг судлаачид 1900-гаад оны эхээр анх нээн илрүүлж, зохиол бүтээлдээ тэмдэглэсэн байдаг.
В.В.Радлов, Д.Д.Букинич, С.В.Киселев, А.Очир нарын судлаачид тусгайлан судалсан байдаг. Тэд уг балгасыг Монгол нутагт ноёрхолоо тогтоож байсан Уйгар (МЭ VIII зуун-МЭ IX зуун) болон Кидан (МЭ IX зуун-МЭ XII зуун) улсын үед холбогдоно гэж үзжээ.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын Барилга, архитектурын дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн байна.