ДУНДГОВЬ: ТББ-ууд байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль, журмын хэрэгжилтэд мониторинг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-26 18:21:53
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, "Өнө мөнхийн монгол сан", "Хил хязгааргүй алхам" ТББ-аас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль, журмын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Дундговь аймгийн төр, ТББ, хэвлэл мэдээллийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.  


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийг 2012 оноос мөрдөж эхэлсэн ба энэхүү хуулиар газар, газрын хэвлий ашиглалтын төлбөрөөс бусад ургамал, ус, ой, ан амьтны нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Эдгээр төлбөр нь улс, орон нутгийн төсөвт төвлөрч, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагддаг.


Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын үнэлгээгээр тус аймгийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2,121.6 сая төгрөг батлагдсан байна. Гүйцэтгэлээр 3,522.4 сая төгрөгийг төвлөрүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардалд 604.3 сая төгрөгийг төлөвлөж, 483.2 сая төгрөгийг зарцуулжээ. Хуулийн хэрэгжилт 2021 оны байдлаар 34, 2022 оны байдлаар 21,1 хувьтай үнэлэгдсэн байна.


Сургалтад оролцсон 10 төрийн бус байгууллагын төлөөлөл албан бус сүлжээ байгуулан "Хил хязгааргүй алхам" ТББ-тай хамтран Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль болон Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын хэрэгжилтэд мониторинг хийж, сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд хуулийн сургалт зохион байгуулахаар боллоо.  





関連ニュース