ӨВӨРХАНГАЙ: Нэгдүгээр ангийн сурагчдын 97.8 хувийг эрт илрүүлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2024 оны А/413, А/151 хамтарсан тушаалын дагуу нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийг илрүүлэх үзлэгийг өнгөрсөн сараас эхлүүлсэн. Аймгийн хэмжээнд 2346 сурагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 97.8 хувь буюу 2296 хүүхэд үзлэг, оношилгоо хийлгэж, 775 хүүхэд эмчлүүлээд байна. Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношилгоог энэ оноос эхлэн зорилтот бүлгийн хүрээнд хийхээр төлөвлөж, эхний ээлжид сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог тавьж байна.
Дэлхийн
олон улс орон сургуульд элсэж буй хүүхдүүдээ эрүүл мэндийн цогц шинжилгээнд
хамруулж, хянах тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Учир нь 5-6 насанд хүүхдийн
холимог зуултын үе эхэлж шүд, амны хөндийн өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг тул
энэ насанд нь эрт үеийн илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл
ахуйг сахих мэдлэг, дадалтай болгож, хэвшүүлэх нь чухал гэж үздэг байна.