ЗАВХАН: Биологийн олон төрөл зүйлийн өлгий нутаг Нисэгийн шугуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-03 16:05:40

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутагт орших Тэсийн голын 3600 га талбайг хамардаг, жодой ихтэй шилмүүст ой бүхий Нисэгийн шугуй нь улаан номд орсон олон амьтдын нутаг юм.


Хөвсгөлийн тайга, Хэнтийн нурууны тагт уулсын модод энэхүү нам газар урган битүү ой шугуйг үүсгэх нь байгалийн содон нандин тогтцыг бий болгожээ.


Энд улаан номд тэмдэглэгдсэн ховор шувууд, ан амьтан, ургамлын олон төрөл зүйл бий. 1999 онд Нисэгийн шугуйг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Хойд талаар нь Зайгалын гол, Цэргийн гол, урд талаар нь Нуурмаг, Барчингийн гол урсаж, Гонирын шугуй үүсэн тогтсон байдаг. Урд хэсгээрээ Цагаан олом, Улаан буриа, Эвэрт мод зэрэг үзэсгэлэнт олон уул толгодоор хүрээлүүлдэг. Эдгээрийг дагасан олон жижиг нуур цөөрөм тогтсон байдаг.


Нисэгийн шугуйг эмжээрлэн урсах Тэс гол нь олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг гол газар нутаг.


Монгол Улсын улаан номд орсон ховор болон нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар ба хуруут хун, релик цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог, жороо тоодог, уран шувуу, усны цагаан сүүлт бүргэд, хошуу галуу зэрэг олон зүйлийн шувууд тэмдэглэгджээ.


Мөн Нисэгийн шугуйд ховордож байгаа зэгсний гахай, азийн минж, эрээн хүрнэ, усны булга, сибирийн гүлмэр, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, ойн солонго, ширх зэрэг хөхтөн амьдардаг нь биологийн олон төрөл зүйлийн өлгий нутаг. 

Сонирхуулахад, Тэсийн гол нь Халх, Баяд, эртний Киргизүүдийн үлдсэн омог ястанууд амьдардаг нутаг. Тэд Тэсийн голын дагуу омог отгоороо модон овоо бий болгон тахиж шүтэж ирсэн уламжлалтай.



Тэс гол, Нисэгийн шугуйн намар


Тэс гол, Нисэгийн шугуйн өвөл. Гэрэл зургуудыг: Н.Сүхбат

関連ニュース