ӨВӨРХАНГАЙ: Политехникийн коллеж 51 жилийн хугацаанд 23 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-04 19:48:23

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Политехникийн коллеж 51 дэх хичээлийн жилээ 1309 суралцагчтайгаар дүүргэж, өнөөдөр техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчдөдөө дипломыг нь гардууллаа.


Энэ удаа Мэргэжлийн боловсрол сургалтын нэг жилтэй ангийг 10 мэргэжлээр 251 суралцагч, Техникийн боловсрол олгох сургалтын 1.5 жилтэй ангийг гурван мэргэжлээр 53 суралцагч төгсөж байна.



Анх 1974 онд Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэй байгуулсан тус сургууль өнгөрсөн хугацаанд 23000 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэн аймаг, орон нутгаа мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнээр ханган ажиллаж байна.

Төгсөгчдөө ажлын байраар хангах үүднээс 166 аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 81.6 хувьтай байгаа юм. Мөн Япон улсад дадлагажигч ажилтан илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 гаруй оюутан Японы хотуудад сурч, ажиллаж байгаа бол маргааш гурван оюутан явахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 

関連ニュース