АРХАНГАЙ: Нэгдсэн эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг “Эх дэлхийдээ ээлтэй шийдлийг бүтээнэ’’ уриан дор хог хаягдлын менежментийг сайжруулах аяныг энэ сарын 4-нөөс 11 дүгээр сарын 14-нийг хүртэл зургаан сарын хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.
Аян Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд үүссэн эмнэлгийн аюултай болон энгийн хог хаягдлыг үүссэн цэгт нь зөв ангилан цуглуулах, тэр дундаа дахин боловсруулах хог хаягдлыг ангилан цуглуулж, Эрдэнэбулган сум дахь дахивар хог хаягдлын цэгт хүргүүлэх, хог хаягдлын хэмжээг бууруулах замаар байгаль орчныг хамгаалахад эмнэлгийн ажилтан бүр хувь нэмрээ оруулах зорилготой.
Энэхүү аяныг үр дүнтэй хэрэгжлүүлэхийн тулд Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, хэвтэн эмчлүүлэгчдэд “Zero Waste” буюу тэг хаягдал хөдөлгөөний үндсэн таван зарчмыг танилцуулж, улмаар хог болох зүйлсээс татгалзах, хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах хог хаягдлыг ангилан ялгаж, цуглуулах талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах, тасаг нэгжийн дунд дахивар хог хаягдлыг зөв ангилан ялгах, хэрэглэсэн зайг цуглуулах уралдааныг зарлаж, хог хаягдлаа ангилан ялгах дадлыг хэвшүүлэх зэрэг зорилтот ажлыг зохион байгуулах юм.
Хүн төрөлхтөн жилд 2.12 тэрбум тн хог хаягдлыг гаргаж, 20 хувийг нь л дахин боловсруулж, 80 хувийг байгальд хаядаг байна. Дэлхийн банкнаас хүн төрөлхтөн хог хаягдлын асуудлыг шийдэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд хог хаягдлын хэмжээ 70 хувиар нэмэгдэхийг анхааруулсан.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орон бүр хог хаягдлыг бууруулах, эко орчныг бий болгохыг дэмжих амлалт өгч, дэлхий даяар “Zero Waste” буюу тэг хаягдал хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж, хог хаягдлыг дахин боловсруулахаас гадна анхнаас нь үүсгэхгүй байх тал дээр анхаарч, үндсэн таван зарчмыг баримталж байна. Эдгээр нь хог болох зүйлсээс татгалзах, хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, ялзруулж бордоо болгох гэсэн аргууд юм.
Монгол Улсын хувьд жилд 3.4 сая тонн хог хаягдал үүсэж, нийт хог хаягдлын ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулдаг байна. Иймд Хог хаягдлын тухай хуулийн хог хаягдлыг бууруулах, ангилах, дахин ашиглах, зүй зохистой хаях дадал зуршлыг хэвшүүлэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дээрх аяныг эхлүүлжээ.
Аяны нээлтийг 2025
оны 6 дугаар сарын 4-нд зохион байгуулсан бөгөөд Архангай аймгийн Байгаль орчны газар,
ХААН банк, Юнител групп, “Хоггүй Архангайг хамтдаа бүтээцгээе” групп хамтран
хэрэгжүүлэх ажээ.