“Узбекистан-2030” стратегийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх зургаан чиглэлийг баримтална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвөөс “Узбекистан-2030” стратегийг танилцууллаа.
Узбекистан Улс нь Төв Азид байрладаг далайд гарцгүй орнуудын нэг төдийгүй хөрш орнууд нь ч
мөн адил далайд гарцгүй орон юм. Тус улс үндэсний ашиг сонирхолд тулгуурласан
нээлттэй харилцан ашигтай бүтээлч гадаад бодлогыг баримталдаг. Тиймээс “Узбекистан-2030”
стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Манай улсын хувьд тус улсаас туршлага
судлах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны
төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн хэлэхдээ, Төв Азийн таван улс С5 гэсэн бүлэг
үүсгэж, хөрш орнуудтайгаа хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэж байна.
Үүнийг 1990-ээд онд үүсгэсэн далайд гарцгүй хөгжиж байгаа орны бүлгийн үйл
ажиллагаатай ижил өргөжүүлж, бусад хөрш орнууд болон олон улсын нийгэмлэгт дуу
хоолойгоо хүргэж байна. “Узбекистан-2030” стратеги төлөвлөгөөг танилцуулж байгаа нь маш чухал ач
холбогдолтой. Засгийн газрын мэргэжилтэн, судлаачид тус улсын ирээдүйн
төлөвлөгөөтэй танилцсанаар цаашдын бодлого төлөвлөгөөг гаргахад ойр гэж үзэж
байна гэв.
“Узбекистан-2030” стратеги нь үндсэн тэргүүлэх зургаан чиглэлтэй байна. Тодруулбал, хүн бүрийн чадавхийг бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтөөр дамжуулан хүн амын сайн сайхан байдлыг хангана. Мөн байгаль орчин, усны нөөцийг хамгаалах, төрийн удирдлагыг ард түмэнд үйлчлэхэд чиглэсэн зохион байгуулалт хийнэ. Түүнчлэн аюулгүй энхийг эрхэмлэгч төр зарчимд суурилсан бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарна хэмээн энэ үеэр танилцуулав.
Узбекистан улсын газар нутгийн 10 хувийг усжуулалтын газар тариалангийн талбай эзэлдэг. Тэд үндсэн хуулиараа усны нөөц, газрын хэвлийг хамгаалах шаардлагыг чангатгахаар зорьж байна. Түүнчлэн манай улсыг хөрөнгө оруулагч гэж үзэж байгаагаас гадна энэ чиглэлд хууль эрх зүйн орчноо сайжруулж байгаа аж.