АРХАНГАЙ: Ойн баялаг ашиглалтын цахим систем нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-23 14:42:57

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ойн баялаг ашиглалтын цахим системийн бүсчилсэн сургалтыг Архангай аймагт зохион байгуулж байна.


Сургалтын зорилго нь Ойн тухай хууль, журам, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ойн баялгийн ашиглалттай холбоотой үйл ажиллагааны төлөвлөлт, хуваарилалт, ашиглалтын үйл явц болон нөөц баялгийн ашиглалтын төлбөр тэдгээрт тавих хяналтын үйл ажиллагаанд цахимжуулалтыг нэвтрүүлэхэд оршиж байна.


Энэхүү цахим системээр ойн баялгийн нөөц болох модны нөөц болон дагалт баялгийн нөөцийг бэлтгэх, нөөц ашиглах бичиг олгох, хяналт тавих, нөөцийг тээвэрлэх, нөөцийн гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих, нөөц ашигласны төлбөр тооцоо, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.


Сургалтад Архангай, Өвөрхангай аймгийн БОГ-ын ой хариуцсан мэргэжилтэн, сумын болон сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтнүүд, сумын эрх бүхий албан тушаалтан (Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч), тусгай хамгааллттай газар нутгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн зэрэг 100 гаруй хүн оролцож байна.


Сургалтаар Ойн нөөц ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримталж буй бодлого, үнэт цаасны хэрэглээ, ашиглалт, цахимд шилжүүлэх шаардлага, ойн баялаг ашиглалтын цахим системийг ашиглах танилцуулга, мэдээллийг удирдах, мод бэлтгэх эрхийн болон гарал үүслийн бичилт хийх зэрэг практиз сургалтыг зохион бйагуулж байна. 

関連ニュース