СЭЛЭНГЭ: Хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-26 11:17:29

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид өдөр бүр хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.  

 

Энэхүү хөдөлгөөнт эргүүл нь иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах зорилгоор Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хараа, Орхон, Хүдэр гол дагуу завьт эргүүл болон хөдөлгөөнт эргүүлүүд 7 чиглэлд ажиллаж байна.  

 

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас голын эрэг дагуу зорчиж буй иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, гол, усны ослоор эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулаад байгаа.

 

Өнгөрсөн долоо хоногт голд 3 иргэн осолдсоныг Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулан, осолдогчдыг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

2024 онд аймгийн хэмжээнд голын усанд 9 том хүн, 1 хүүхэд осолдож амиа алдсан харамсалтай тоо байгаа.

      

Цаашид хэт халалт үргэлжлэхийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа.


Иймээс иргэд гол, усны дагуу зорчихдоо осолдохоос сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна.