МОНЦАМЭ агентлаг Киргизийн Үндэсний мэдээллийн “Кабар” агентлагтай Санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2025-07-21 17:07:11

Бишкек, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний мэдээллийн “Кабар” агентлагтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.


Санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний мэдээллийн “Кабар” агентлагийн захирал Шерматалиев Медербек Асаналиевич нар гарын үсэг зурав.


Ингэснээр цаашид хоёр улсын мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан мэдээлэл солилцох, мэдээллээ өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдэх юм.


Ташрамд дурдахад, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага (ОАNА)-ын гишүүний хувьд тус байгууллагын гишүүн агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцож, Монгол Улсад болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг өдөр тутам ОАNА-гийн мэдээллийн нэгдсэн сан /www.oananews.org/-д нийлүүлж байна.


Мөн ОХУ-ын ТАСС, РТ, БНХАУ-ын Синьхуа, Их Британийн Ройтерс, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, Японы Киодо Цүшин, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжаны Азертак, Казахстаны Казинформ, Ираны Мер, Италийн АНЗА, Бельгийн Дипломат ворлд, Узбекистаны УзА, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, өдөр тутам мэдээ, мэдээлэл солилцож, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж туршлага солилцдог. Энэ жилийн хувьд Туркменистаны Төрийн мэдээллийн “TDH” агентлагтай хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан юм. 

関連ニュース