ӨВӨРХАНГАЙ: Монгол туургатны ерөөлч, магтаалчдын олон улсын анхдугаар наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол туургатны ерөөлч, магтаалчдын олон улсын анхдугаар наадам энэ сарын 24-ний өдөр Өвөрхангай аймаг боллоо.
Соёлын биет бус өвийн долоон ай савын нэг болох ерөөл, магтаалыг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадамд Улаанбаатар
хот, 15 аймгаас гадна ОХУ-ын
Буриад, Халимаг, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы ерөөлч магтаалчид оролцож, Монгол туургатны оюуны дахин давтагдашгүй өв соёл,
үгийн урлагаар өрсөлдөн үзэгч түмнээ баясгав.
Наадмын үеэр Өвөрхангай аймгийн 19 сумын урлаач, уран бүтээлчид нутгийн онцлогийг харуулсан, өв соёлоо шингээсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм. Мөн Монгол Төрийн хан хуурыг 33 жил эгшиглүүлж буй төрийн хан хуурч, Монгол Улсын Ардын жүжигчин, Буриад улсын гавъяат жүжигчин, хэл бичгийн ухааны доктор, профессор Цэенгийн Цэрэндоржид Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит шагналыг гардууллаа.
“Өвөрхангайн алдартан” шагналаар Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, “Хар-Хорум” эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Соёл судлалын ухааны доктор Ц.Жаргалсайхан нарыг шагналаа.