Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хотын төвөөс 30 км зайд оршдог Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг 539 га талбайд барих тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Уг паркийн бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулжээ. Энэ төслийн хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлын нээлттэй тендерийг зарлаж байна. Түүнчлэн байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газрын тусламжаар “Smart Energy Platform Group”-тэй хамтран 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар ажиллаж байна.
Эмээлт паркт нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэл хотоос арьс ширний үйлдвэрийг аж ахуйн нэгжтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулах ажил эхэлжээ. Мөн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээх юм. Шинээр 5600 тогтвортой ажлын байр бий болгож, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой гэж албаныхан онцлов. Ингэснээр Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжүүлж, тухайн орчимд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх ажээ.
Энэхүү төслийг Улаанбаатар
хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм.