Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-19 08:51:23

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, 700 метр байхаас одоогоор 400 метр газарт ажлыг гүйцэтгэжээ.


Сэлбэ голын урсацыг тогтворжуулах, үерийн эрсдэлээс сэргийлэхээр хамгаалалтын түшиц хана, голын голдирол тохируулга, тохижилтыг цогцоор нь гүйцэтгэхээр төлөвлөсөн. Голын голдирол тохируулахад баруун, зүүн талдаа гурван метр, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээ хийж байгаа юм.


Тус ажлыг гүйцэтгэж байгаа “Билгүүн Монгол констракшн” компанийн менежер Р.Дамба “Чулуун бэхэлгээ хийж, голын урсацыг сайжруулснаар лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг урсахад нөлөөлж, голын суурь хөрсийг хамгаалан, түшиц хананы бат бөх байдлыг бэхжүүлнэ” хэмээв. Үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 95 хувьтай байсан ч долоон байршилд шугам сүлжээ шилжүүлэхтэй холбогдуулан түр хугацаанд хүлээгджээ. Тодруулбал, “Шангри-Ла”, “Сэнтрал Тауэр”, “Юнион Бюлдинг”-д цахилгааны кабель шугам, Ус сувгийн удирдах газрын нэг кабелийг төрийн айлчлалтай холбоотой түр хугацаанд салган залгах боломжгүй учраас хүлээгдэл үүссэн. Салгаж залгах эрх үүсэж, шугам сүлжээний ажлыг дуусмагц түшиц ханыг гүйцээн барих юм.


Сэлбэ голын голдирол тохируулах, чулуун бэхэлгээний ажлыг есдүгээр сард дуусгахаар ажиллаж байна. Харин Сэлбийн эрэг дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөн явган хүний замыг барихаар төлөвлөж, голын голдирол тохируулгыг үндэсний үйлдвэрийн бэлтгэсэн боржин чулуугаар хийж байна. Тохируулгын ажил дуусмагц голын урсацыг нээх аж.


関連ニュース