“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-21 11:48:20

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг дэх хуучнаар “Ард” кино театрын урд талын ногоон байгууламж бүхий талбайг нийтийн эзэмшилд шилжүүллээ.


Энэ өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн энэ сарын 19-ний захирамжаар шийдсэн байна. Захирамж гарсны дагуу “Од театр" ХХК-д мэдэгдэж, мэдээллийн санд өөрчлөлт оруулан, гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтийг хянахыг хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.


Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар нэмжээ. Энэ нь НИТХ-ын тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай" 2009 оны тогтоолыг зөрчсөн тул нэмж авсан газрын хэмжээг хүчингүй болгож, 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчилжээ.


 

関連ニュース