УВС: Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-10 09:33:56

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Улаангом сумын таван байршилд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалдаа зарлаад байна.


Тодруулбал, Улаангом сумын 3-р багийн нутаг, Бөхийн өргөөний урд талд 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалт бүхий 200 м.кв газрыг 1,6 сая төгрөгөөс эхлэн дуудна. Мөн Улаангом сумын 3-р багийн нутаг Солонго төвийн дээд талд худалдаа, нийтийн үйлчилгээний төвийн зориулалт бүхий 500 м.кв газрыг 4 сая төгрөгөөс эхлэн дуудах аж.


Үүнээс гадна Улаангом сумын 5-р багийн нутагт худалдаа нийтийн үйлчилгээний төв байгуулах боломжтой тус бүр 2000 м.кв талбай бүхий гурван газрыг мөн тус бүр 16 сая төгрөгөөс эхлэн цахим дуудлага худалдаа явуулна.


Цахим дуудлага худалдаа энэ сарын 29-ний өдрийн 08:00–14:00 цагийн хооронд болох бөгөөд бүртгүүлэх хүмүүс газрын цахим бирж: www.mle.mn хаягаар орж, есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагаас 28-ны өдрийн 14:00 цаг хүртэл бүртгүүлнэ.


Бүрдүүлэх материал нь иргэний цахим үнэмлэхний хуулбар, дуудлага худалдааны дэнчин буюу анхны үнийн 10 хувь тушаасан баримт, тэмдэгтийн хураамж тушаасан баримт, дансны мэдээлэл байна.


関連ニュース