Авто машингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-10 15:12:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Авто машингүй өдөр-2025”-ыг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор энэ бямба гарагт зохион байгуулна.


Авто машингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Энэ үеэр ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөөд, “Авто машингүй бүсээс бусад гудамж, замд авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт хийнэ” гэлээ.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “2000 оноос дэлхий нийтээр есдүгээр сарын 22-ны өдрийг авто машингүй өдөр болгон тэмдэглэсэн. Манай улсад 2007 оноос тус өдрийг тэмдэглэж байна. Улаанбаатарт 750 мянган тээврийн хэрэгсэл байгаагийн 600 мянга орчим нь өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн нэг км/кв нутаг дэвсгэрт дунджаар 1900 гаруй авто машин ногдож байгаа нь дэлхийн нягтаршилтай хотуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Тээврийн хэрэгслээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын ислийн нэгдэл, нарийн ширхэгтэй тоосонцрууд ялгардаг. Мөн чимээ чимээний бохирдол ч үүсдэг. Нэг өдөр ч гэсэн орчны бохирдлоос сэргийлэн авто машинаас татгалзахыг уриалж байна” гэлээ.


Энэ өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран авто машины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжиж, дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм. Мөн нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутыг өөрчилж байгаа аж.







 

関連ニュース