Зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг илгээсэн иргэнд урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-01 17:08:19

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Явган хүний зам, автобусны буудал дээр автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөнд саад болохоор байрлуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан, 102 аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд  илгээвэл урамшуулал олгох зохицуулалт өнөөдрөөс үйлчилж байна.


Тухайлбал, 20 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 10-20 хувийн урамшуулал авах аж. Хэрэв зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшууллыг өссөн дүнгээс тооцно. Ингэхдээ олгох урамшууллын дүнгээс орлогын албан татвар суутгаж, иргэний данс руу шилжүүлэх юм. Харин зөрчил гаргасан жолоочид торгуулиа төлөх хүртэл нэмэгдэл хүү тооцох бөгөөд таван сарын дараа 20 мянган төгрөгийн торгууль 30 мянга болж өсөхийг албаныхан анхаарууллаа.


Тус урамшууллыг НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг олгоно. Тэгвэл дөрөвдүгээр сарын 20-нд 2026 оны эхний гурван сарын урамшууллыг нэг удаа өгөхөөр тогтоожээ. 

関連ニュース