ГОВЬ-АЛТАЙ: “Зонхилон тохиолдох халдварт өвчнүүд” сэдэвт сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-26 09:28:55

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/.  “Зонхилон тохиолдох халдварт өвчнүүд” сэдэвт сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 116 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.


“Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ХӨСҮТ, Говь-Алтай аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран есдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “Зонхилон тохиолдох халдварт өвчнүүд” сэдэвт сургалт зохион байгууллаа. 


Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран, Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун, ХӨСҮТ-ийн Эдийн засаг төлөвлөлт хариуцсан дэд захирал А.Шинэхүү, Хүний нөөцийн албаны дарга Ж.Баярсайхан нар мэндчилгээ дэвшүүлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. 


Сургалтад Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүд, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 116 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлсэн тухай ЭМГ-аас танилцууллаа. 


Сургалтаар “Улаанбурхан өвчний оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээ”, “Хоолны хордлогот халдварын дэгдэлт, эмнэлзүй, оношилгоо эмчилгээ”, “Уушгины сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээ”, “БЗДХ-ын оношилгоо, эмчилгээ”,  “Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал”, “Уушгины сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээ”, “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент” , “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах”, “Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналт” сэдвийн хүрээнд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд мэдээлэл зөвлөмж өгсөн юм.

関連ニュース