Монгол Улсын санаачилсан Дэлхийн адууны өдөр, адууны соёлыг "Экономист" сэтгүүл онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-26 12:39:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн байр суурьтай холбоотой дэлхийн нэр хүнд бүхий The Economist сэтгүүл долоо хоногийн тоймдоо Монгол Улсын санаачилсан Дэлхийн адууны өдөр, адууны соёлын талаар онцолсон байна.


Монгол Улсын санаачилгаар 2025 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэж эхэлсэн билээ. 


Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр хэлсэн үгэндээ монгол хүн, монгол адууны хүйн холбоо, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд адууны гүйцэтгэсэн үүргийн талаар дурдсан юм.


Тухайлбал тэрбээр, Монголчууд бид хорвоод мэндэлсэн цагаасаа эхлээд морин дэл дээр өсөн торниж, хүлэг морьтойгоо хамт дэлхийн дайдад суу алдраа түгээж, хүн төрөлхтний бахдам түүхийг бичилцсэн ард түмэн билээ. Ийм ч учраас монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой үндэстэн юм.


Хүн төрөлхтний аж амьдрал, соёл иргэншил, хөгжил дэвшилд эрт дээр үеэс адуу үлэмж их үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улс жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг санаачилсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы зургаадугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар батлууллаа.


“Дэлхийн адууны өдөр”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй Монголын Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэж байх тогтоолыг дэмжин баталсан НҮБ-ын бүх гишүүн улс оронд мориндоо хайртай Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье хэмээн НҮБ-ын индрээс байр сууриа илэрхийлсэн билээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн энэхүү байр суурьтай холбоотой дэлхий дахинаа нэр хүнд бүхий The Economist сэтгүүл долоо хоногийн тоймдоо: "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ дэлхийн 60 сая тоо толгой адууны түүхэнд гүйцэтгэж ирсэн үүргийг магтан сайшаалаа. У.Хүрэлсүх НҮБ-ын “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгон тэмдэглэх санаачилгынхаа талаар дурдахдаа, монголчуудын итгэлт хүлгүүдийг “хүн төрөлхтний ахуй амьдрал, соёл, иргэншилтэй салшгүй холбоотой” хэмээн магтжээ. Адууны өв соёлоороо алдартай Монгол оронд адууны тоо толгой хүн амын тооноос давсан байдаг" гэж онцолсон байна.


Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2024 оны байдлаар манай улс 3.5 сая хүн ам, 4.6 сая адуутай бөгөөд The Economist сэтгүүлд дурдсанчлан "адууны тоо толгой хүн амын тооноосоо давсан" байгаа юм.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы зургаадугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар батлуулсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолын төслийг Монгол Улс санаачилж, дэлхийн 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн бөгөөд үүнд,  Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс багтжээ.

関連ニュース