Шуудайлсан нүүрс эрэлт ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛШарын голын уурхай өнгөрсөн сараас эхлэж уурхайд шуудайлж бэлтгэсэн нүүрсээ Дархан хотод 17 цэгээр дамжуулан, 40 кг -ын шуудайтай нүүрсийг 5000 төгрөг, 20 кг-ынхыг 3000 төгрөгөөр тус тус борлуулж байна.
Эднийх энэ сарын 10-ны байдлаар Дарханд нийт 1065,24 тн нүүрс борлуулсан бол цаашид борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Шарын голын уурхай буюу “Шарын гол” ХК-ийн захиргаа нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймгийн хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцүүлж шуудайлсан нүүрсийг захын ченжийн үнээс доогуур үнээр борлуулах ажлыг 2013 оноос хойш тогтвортой хэрэгжүүлж ирсэн. Нүүрс шуудайлалтыг ингэж уурхайд хийснээр Шарын гол сумын 60 орчим иргэдийг түр ажлын байраар хангаж өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа нь сумын иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд багагүй тус нэмэр болж байгаа бол жижиглэнгийн нүүрс борлуулалтыг Улаанбаатар хотод ч давхар зохион байгуулж байгаа аж.
Түүнчлэн уурхайн амнаас өөрсдийн тээврээр нүүрс худалдан авч байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад бохирдол багатай сайн чанарын нүүрс нийлүүлэхэд анхаарч чулуулаг хольцийг нь ялгаж сайжруулж байгаа нь хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн үр дүнтэй ажил болжээ. Жижиглэнгийн нүүрс борлуулалтын ажлыг механикжуулж хөнгөвчлөх зорилгоор бага оврын техник ашиглах зэргээр өөрсдийн дотоод нөөц бололцоонд түшиглэж нүүрс шигших төхөөрөмжийг санаачлан ашиглаж байна.
Б.Норовсамбуу