ДОРНОД: Түймрийн эрсдэл аюултай түвшинд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутаг хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн аюултай түвшинд хүрснийг УЦУОШТ-өөс анхааруулав.
Тодруулбал, Халхгол, Дашбалбар, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Гурванзагал, Цагаан-Овоо, Чулуунхороот, Баяндун, Матад сумын нутгаар хуурайшилт 2963-4012-т хүрчээ. Хуурайшилт, түймрийн эрсдэлийг тодорхойлдог энэхүү хэмжээ 8000-аас давбал нэн аюултай түвшинд хүрдэг.
Хуурайшилт их байгаа учраас өнөөдрөөс сумд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж эхэллээ. Түүнчлэн аймгийн төв хогийн цэгийн ойролцоо 4400 м урт, 15 м өргөнтэй хамгаалалтын зурвас татаж байна.