Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Абдолреза Рахмани Фазлийг энэ сарын 2-нд хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг өнө
эртний түүхтэй Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад суух Элчин
сайдаар тохоон томилогдож, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулан үүрэгт
ажилдаа орж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Тэрбээр энэ оны тавдугаар
сард Техран хотноо Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх
уулзалтыг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэж, Монгол, Ираны хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн нөөц боломж буйг онцлов. Тухайлбал, түүх,
соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг
хамгаалах, музейн хооронд хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан үзэсгэлэн гаргах
чиглэлээр ираны талтай үргэлжлүүлэн ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Элчин сайд Абдолреза Рахмани Фазли Монгол Улсад хавсран суух
Элчин сайдаар томилогдож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны
харилцаа, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, зам тээвэр, аялал
жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой
анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.