Ж.Расселл Сингапурын Гран-Прид түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-06 16:19:40

СИНГАПУР, 2025 оны аравдугаар сарын 6 /AP/. “Формула-1” ангиллын авто уралдааны 18 дахь гараа буюу Сингапурын Гран-Прид Британийн уралдаанч Жорж Расселл түрүүлжээ. Ням гарагт болсон уралдааныг тэрбээр гараанаас барианд орох хүртэл тэргүүлснээр энэ улирлын хоёр дахь түрүүгээ хүртсэн байна. 


Шагналт байрын төлөө хүчтэй өрсөлдсөн МакЛарен багийн Ландо Норрис, Оскар Пиастри нарын хувьд багаа зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд түрүүлэхэд хангалттай оноо авснаар Британийн баг зургаан уралдаан үлдээд байгааг үл харгалзан аваргын цом өргөх эрхээ баталгаажуулжээ


Энэ удаагийн Гран-Прид Л.Норрис гуравдугаар байр, О.Пиастри дөрөвдүгээр байрыг тус тус эзэлсэн бол “Ред Булл”-ын Макс Ферстаппен хоёрдугаар байрт шалгарсан байна. Хэдийгээр зохион бүтээгчдийн аваргын төлөөх өрсөлдөөн тодорхой болсон ч О.Пиастри 22 онооны илүүгээр Л.Норрисыг тэргүүлж байгаа нисгэгчдийн өрсөлдөөн амжилттай үргэлжилсэн хэвээр байна. Тодруулбал, О.Пиастри 336 оноо, Л.Норрис 314 оноо, М.Ферстаппен 273 оноогоор жагсаалтыг тэргүүлж байгаа бол Ж.Расселл /237/, Шарль Леклер /173/ нар эхний тавд бичигдэж байна.


“Формула-1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 дэх гараа АНУ-д 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд болно.

関連ニュース