МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Баянгол дүүргийн 60 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд П.Бүрэнтөгс аварга түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-12 11:05:18

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ.


Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв. Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар нар шалгарлаа. Наймд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв. Зохион байгуулагчдаас “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ө.Батсуурьт олголоо. Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.


Мөн Баянгол дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Хуурнин шуугигч” барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн хүүхдүүд энэ барилдааны тавын давааны өмнө барилдаж, түрүү бөхөө тодруулсан юм. Тус хүүхдийн барилдаанд Баянгол дүүргийн 141-р цэцэрлэгийн Б.Азхүү түрүүлж, 57-р цэцэрлэгийн Э.Билгүүнтөгс үзүүрлэж, 157-р цэцэрлэгийн А.Эрхэм, 141-р У.Хаш-эрдэнэ нар дөрөвт шалгарлаа.


Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр, дараагийн барилдаан энэ сарын 17-нд МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан суралцагч, төгсөгчид оролцох хүчит 64 бөхийн барилдаанаар үргэлжлэх ажээ.







関連ニュース